- Home
- Botany, Plant sciences
- TAKHI
- "Тахь" - 9
- Current page
Хустайн байгалийн цогцолборт газрын ургамалжлын төлөв байдал
Ц.Цэрэндулам1, Х.Оюунбилэг1, Б.Оюунцэцэг2
1ХЦГТ-ийн ургамлын биологич, 2МУИС, БФ, Ургамал судлалын тэнхим
Abstract
Ургамалжлын судалгааг олон жилээр хийж байгаа ба судалгаагаар бүлгэмдлийн зүйлийн бүрэлдэхүүн, ургац, бүлгэмдлийн бүтэц, ургамлын үзэгдэлзүй зэргийн ерөнхий төлөв, тэдгээрт илэрч буй солигдолт, цаашдын хандлага, мөн эдгээр үзүүлэлтүүдэд нөлөөлж буй хөрс, цаг уур, мал амьтны нөлөөлийг илрүүлэхийг зорьдог. ХБЦГ-ын зонхилох бүлгэмдлүүд дээр судалгааны 4 хашаанд зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооход 19 овгийн 42 төрлийн 52 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн. Бүлгэмдлийн зүйлийн бүрдлийн хувьд хамгаалалттай бүсийн дотор дунджаар 40 зүйл, орчны бүсэд үүнээс 12 зүйлээр бага байлаа. Энэ жилийн бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га байсан ба зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байна.
Introduction
Манай орны 26%-ийг хээрийн экосистем эзлэн тогтдог онцлогтой бөгөөд цаг уурын өөрчлөлтөнд мэдрэмтгий байдаг. Судалгаа явуулж буй Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) нь Монгол орны төв хэсэгт оршин хялганат хээрийн төлөөлөгч болж байдгаараа онцлогтой. Хустайн ургамалжлын мониторингийн судалгааг 2003 оноос тасралтгүй үргэлжлүүлэн хйиснээр хялганат хээрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой юм. Хээрийн экосистем нь цаг уурын аливаа өөрчлөлтөнд мэдрэмтгий байдаг (Сэргэлэн, 2007) ба үүнийг судалснаар олон талын мэдээллийг цаг алдалгүй мэдэж түүний цаашдын хандлагыг илрүүлж, тохирсон арга хэмжээг авах боломжтой билээ.
Material and Methods
Ургамалжлын мониторингийн судалгааны аргазүйг Голландын эрдэмтэн Валис де Врайс болон Н.Манибазар (1993) нар боловсруулж, 2003 онд (Санчир, Бясгалан, 2003) Хустайн эрдмийн зөвлөлөөр батлуулсан аргазүйн дагуу явуулдаг. 2009 онд дээрхи аргазүйн дагуу 4-р сарын 24-өөс 9-р сарын 24 хүртэл сар бүрийн 4, 14, 24-ы өдрүүдэд судалгааны талбайнуудад явуулсан. Судалгааны аргазүйн дэлгэрэнгүйг 2008 онд хэвлэгдсэн “Тахь “ эрдэм шинжилгээний өгүүллүүд цувралаас үзэж болно.
Result
Цаг уурын төлөв байдал
Цаг уурын төлөв байдлаас харахад 2009 онд судалгааны сүүлийн 15 жилээс харьцангуй сэрүүн буюу 0.9°С хүйтэн жил болж өнгөрлөө. Гэхдээ 4, 5-р саруудад буюу ургамал ургаж эхлэх хугацаанд олон жилийн дундажаас өндөр температуртай байсан нь ургац эрт бүрэлдэх таатай нөхцөл болсон. Учир нь ургамал бүр ургахдаа харилцан адилгүй дулаан шаардах боловч дундажаар агаарын температур +5°С болоход ургамал ургах нөхцөл бүрдлээ гэж үздэг. Энэ оны байдлаар +5°С-ээс дээш дулаантай өдөр 187 тохиолдсон ба 4-5 саруудад хоногийн температурын хэлбэлзэл харьцангуй тогтвортой байжээ. Ер нь сүүлийн жилүүдийг харьцуулахад (Зураг 1) ургамал ургаж эхлэх хугацаа оройтож байгаагийн гол шалтгаан нь ургамал ургаж эхлэх хугацааны дулаан дутагдалтай байгаагаас болсон гэж үзэж байсан ба энэ жил хаврын саруудад дулаан байснаар ургамал эрт ургаж дээрхи таамаглал дэмжигдэж байгаа юм.


ХБЦГ-ын зонхилох бүлгэмдлүүд дээр судалг аны 4 хашаанд зүйлийн бүрэлдэхүүнийг тогтооход 19 овгийн 42 төрлийн 52 зүйл гуурст ургамал бүртгэгдсэн. Үүнээс хамгийн олон зүйлтэй нь Poaceae (10), Asteraceae (8), Fabaceae (7) зэрэг овгууд байна. Хамгаалалттай бүсэд байрлах 3 талбайн хашаагүй бүлгэмдэлд дунджаар 40 зүйл ургамал тохиолддог. Энэ нь орчны бүсэд байрлах бүлгэмдлээс даруй 12 зүйлээр илүү байна (Зураг 3). Эндээс харахад хамгаалалтанд авснаар бүлгэмдэлийн зүйлийн баялаг нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Харин энэ онд хамгаалалтай бүлгэмдлүүдийн хашаатай талбай нь зүйлийн баялгаар хашаагүй талбайгаас бага байгаа нь орон зайн хязгаарлагдмал нөхцөлтэй нь холбоотой гэж үзлээ.

Бүлгэмдлийн бүтэц
Аж ахуйн бүлэг
Бэлчээрийн ургамлан нөмрөг жил жилээр өөрчлөгдөж ургамлын янз бүрийн бүлгүүд цаг уурын өөр өөр нөхцөл шаардаж байдагтай холбоотой. Бэлчээр дэх ургамлын зүйлийн бүрдлийг үетэн, алаг өвс, буурцагтан, улалж гэх аж ахуйн бүлгүүдээр ангилахад хамгаалалттай бүсэд үетэн 17%, алаг өвс 64%, буурцагтан 14%, улалж 5%, байлаа. орчны бүсэд үетэн 19%, алаг өвс 65%, буурцагтан 10%, улалж 6% Харин тоон харьцаагаар нь авч үзвэл хамгаалалттай газрын зүйлийн бүрдэл илүү байна. Аливаа бүлгэмдлийг хамгаалалтанд авснаар зүйлийн бүрдэл нэмэгдэхээс гадна хамгийн гол нь тухайн бүлгэмдлийн шимт чанар өндөртэй зүйлүүдийн зохист харьцаа хэвийн хэмжээнд хүрдэг. Хамгаалалтанд авснаар тухайн бүлгэмдлүүдийн хувьд мал бэлчээрлэлтийн дарамт буурснаар бүлгэмдэл өөрийн аясаар сэргэж байна (Зураг 4). Тухайн бүлгэмдэлд эзлэх хувиараа хамгийн өндөр нь алаг өвс үүний дараа үетэн, буурцагтан, улалж орж байгаа ижил зүй тогтол ажиглагдсан.

Ургах орчны нөхцөл сайжрах тусам ургамлан бүлгэмдэлд олон наст ургамлын оролцоо ихэснэ. Харин хөрсний ус чийгийн хүрэлцээ хомс хуурай хээрээс цөлийн хээр, цөлийн бүс рүү шилжихэд ургамал нөмрөгт нэг, хоёр наст ургамлууд нэмэгддэг зүй тогтолтой. Энэ нь үржлийн онцлог, хөрсөн дэх үрийн нөөцөөс ихээхэн хамаарна. Судалгааны талбайнууд дахь ургамлыг насны бүлгээр харьцуулахад олон наст зүйлүүд 88%, цөөн наст (нэг, хоёр наст) зүйлүүд 12%-ыг эзлэж байна. Харин орчны бүсийн бэлчээрийн 85%-ийг олон наст, 15%-ийг нь цөөн наст зүйл эзлэж байна. Ургамлын насны бүлгүүдийн хувьд олон настын харьцаа их байх тусам бүлгэмдэл сэргэж буйн шинж бөгөөд судалгааны талбайнуудад олон настын эзлэх хувь өндөр байгаа нь хээрийн хэв шинжийг илтгэх ба тоон харьцаагаар нь үзвэл хамгаалалттай бүсэд ургамал ургах орчин илүү таатай байгаагийн бас нэг жишээ болж байна.
Хавар сэргэж ургаж буй ургамлууд нь өмнөх оны олон настууд байдаг ба цаг уурын нөхцөл таатай байх тусам тэдгээр ургамлууд эрт сэргэж ургана. Ялангуяа хөрсний температур нэмэх утгатай байхад түүнд агуулагдах ус гэсэж сэргэх нахиа нь хөрсөнд хадгалагдаж байдаг үндэслэг ишт болон дэгнүүлт ургамлуудад хавар эрт сэргэж ургахад сайнаар нөлөөлдөг. Мөн эдгээр олон наст ургамлууд зонхилох хувийг эзлэх нь хээрийн нөхцөлд эрүүл бүлгэмдлийн шинж бөгөөд хамгаалалттай газарт орчны бүсээс илүү олон зүйлийн олон наст ургамал бүртгэгджээ.
Ургамлын амьдралын хэлбэр
Амьдралын хэлбэрээр нь ангилж (Зураг 5), үзэхэд хамгаалалттай талбайн ургамлын нийт 88% нь олон наст ургамал, 12% нь цөөн наст ургамал тохиолдож байна. Олон наст ургамлуудад дэгнүүлт 19%, үндэслэг ишт 9%, голлосон үндэст 37%, заримдаг сөөгөнцөр14%, сонгинолог үндэст ургамал 8%-ийг эзлэж байна. Орчны бүсэд цөөн наст ургамал 17%, олон наст ургамал 83% байгаагаас дэгнүүлт 21%, үндэслэг ишт 7%, голлосон үндэст 31%, заримдаг сөөгөнцөр17%, сонгинолог үндэст ургамал 7% эзлэнэ.

Зонхилогч ургамлуудын үзэгдэлзүй
Үзэгдэлзүйн ажиглалтыг бүлгэмдлүүдийн зонхилогчид дээр хийсэн ба үүнд 5 зүйл ургамал хамрагддаг. (Зураг 6).

Цэцэглэлтийн байдал
Судалгаа явуулж буй бүлгэмдэл бүрийн зүйлүүдийн цэцэглэх хугацааг харцуулбал энэ онд 6-р сарын сүүлийн 10 хоногоос 7-р сарын сүүлийн 10 хоногийн хооронд цэцэглэлтийн эрчим өндөр байсан хаврын эртэч ургамлууд гарч ирэхтэй холбогдуулан 5-р сарын дундуур эхний үе ажиглагдаж байна.

Ургац
2009 онд бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га ба ургац бүрдэлтийг харахад 4-р сарын сүүлийн 10 хоногоос ургамал цухуйж, ургаж эхлэн 0.32 ц/га ургац бүрдүүлсэн байна. Зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байлаа. Ургацын муруй 2 оройтой гарч байна (Зураг 8).

1-р талбай дахь ургацын гарц хашаатай болон хашаагүй талбайд ялгаагүй (Р>0.2238) байна (Зураг 9). Энэ нь тахь болон бусад өвсөн тэжээлт амьтны нөлөөлөлд бага өртсөнийг харуулж байна.




Discussion
- Энэ жилийн бэлчээрийн дундаж ургац 7.7 ц/га байсан ба зуны дээд ургац 8-р сарын дунд 10 хоногт 15.9 ц/га байна. Олон жилийн дундаж ургац 8 ц/га ба судалгааны жилүүдэд цаг уурын нөхцөл б йдлаас хамаара буурах хандлагатай ажиглагдаж байна. • Зонхилогчдын үзэгдэл зүйн үе шатуудыг олон жилээр нь харьцуу ж үзэхэд бүлгэмдлийн зонхилогч ургамал үетний цэцэглэлтийн дараах шатанд, алаг өвсний цэцэглэлтийн шаттай хамгийн дээд ургац давхацдаг болох нь тогтоогдсон.
- Олон жилийн дундажаас 0.6°С бага дулаантай байсан ба ургамал ургаж эхлэх хугацаанд буюу 4-р сарын сүүлч, 5-р сар н эхээр олон жилийн дунджаас өндөр температуртай байсан нь ялангуяа олон настууд эрт сэргэж ургах шалтгаан болсон.
- Талбай бүрт өвсөн тэжээлтний нөлөө байгаа эсэхийг шалгахад гэрийн мал бэлчээрлэдэггүй талбайнууд болон 1,3-р талбайд нөлөөлөлгүй, тууврийн замд байрлах 2 болон орчны бүсэд байрлах 4-р талбайнуудад өвсөн тэжээлний нөлөөлөл байгаа нь харагдаж байна. Иймээс Хустайн бэлчээрт зэрлэг амьтад төдийлөн нөлөөлөхгүй байгаа бөгөөд гэрийн малын нөлөө их байна гэж үзэж болохоор байна.
Reference
- Баттөр Н., 2009. Хустайн нурууны цаг уурын төлөв байдал. Судалгааны тайлан.
- Булган А., 2001. Мониторингийн судалгааны арга зүй. Хустай.
- Виткевич В.И., 1968. Хөдөө аж ахуйн цаг уур. УБ.
- Грубов В. И., 2008. Монголын гуурст ургамал таних бичиг. УБ.
- Жигжидсүрэн С., 2003. Монгол орны малын тэжээлийн ургамал. УБ.
- Жигжидсүрэн С., 2005. Бэлчээрийн менежмент. УБ.
- Манибазар Н., 1996. Хустайн нурууны ургамал, ургамалжлын судалгаа. ”Тахь” эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ.
- Манибазар Н., Валлис де Вриес М.Ф., 1999, Буур ботуулэвшил-Festucetum sibiricae ass. Nova. “Тахь” эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эмхэтгэл. Хустай.
- Санчир Ч., Баясгалан Д., 2003. Хустайн Байгалийн Цогцолборт газарт ургамалжилт, ургамлын аймгийн мониторинг хөтлөх аргазүй. Хустай.
- Сэргэлэнхүү Ж., 2007. ХБЦГ-ын ургамалжлын төлөв байдал. Хустай.
- Түвшинтогтох И., 2005. Геоботаник. УБ.
- Öýãìèä Ø., 1969. Ìîíãîë îðíû ôèçèê ãàçàðç¿é. ÓÁ.
- Ýíõýý, Ä., Áàíäè, Í. 1999. Õóñòàéí íóðóóí äàõü òàõèéí áýë÷ýýðèéí óðãàìëûí èäýìæ”. Сóäàëãààíû òàéëàí.