- Home
- Ecology, Evolutionary biology
- TAKHI
- "Тахь" - 9
- Current page
Хустайн байгалийн цогцолборт газрын хөрсний гадаргын бүрхэвчийн дулаан ээвэрлэлт
Н.Шархүү1, Ш.Анармаа1, Х.Батбямба2
Abstract
Энэ өгүүлэлд Баянгийн нуга, ар ба өвөр хажуу бэл, Өвөр мойлтын нуга, Хөшөөтийн ар хажуу бэлийн талбайд янз бүрийн ургамлын бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг, Бага овооны хяр, түүний зүүн өмнөт хажуугийн болон Хустайн төвийн талбайд янз бүрийн зузаан, нягттай цасан бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг, мөн Баян булагийн халианы мөсний дулаан ээвэрлэлтийг тус тус хэмжиж тодорхойлсон судалгааны үр дүнг оруулав.
Keyword: Дулаан ээвэрлэлт,ургамал,цас,мөс,хөрс,температур
Introduction
Хөрсний дулаан, чийгийн горим нь ялангуяа ургамлын ба цасан бүрхэвчийн дулаан (инсоляци) ээвэрлэлтээс ихээхэн хамаардаг. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд хөрсний гадаргын (ургамал, цасан) бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийн хэмжээ, нөлөө хамгийн их байх онцлогтой (Основы мерзлотного прогноза, 1974). Хөвсгөл нуурын зүүн эргийн Далбайн хөндийд төрөл бүрийн ургамлын болон янз бүрийн зузаантай цасан бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг нэлээд сайн туршиж судалсан юм (Anarmaa et al, 2008). Мөн Тэрэлжийн суурин судалгааны талбайд цас, мөсний талаар ажиглалт судалгаа явуулсан билээ (Sharkhuu et al, 2005). Эдгээр судалгааны аргазүй, туршлагад тулгуурлан 2007 онд хөрсний дулаан, чийгийн горимын судалгааны явцад Хустайн төвийн талбайн тусгай нүхэнд зориудаар бэлгэсэн зузаан цасны болон бусад ажиглалтын талбайн зарим ургамлын бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг туршин судлаж үр дүнгээс “Тахь” эрдэм шинжилгээний бүтээлд нийтлүүлсэн байгаа (Шархүү, Анармаа 2008а, 2008б). Хустайн 2009 оны хээрийн судалгааны нэг зорилт бол ургамал, цас, мөсний дулаан ээвэрлэлтийг байгалийн нөхцөлд нь нарийвчлан туршиж судлах байлаа. Иймээс янз бүрийн ялангуяа билчээрийн ургамлын бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг ХБЦГ-ын 5 цооног орчмын ажиглалтын талбайд, янз бүрийн зузаан, нягттай цасан бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийг Бага овооны хяр болон өвөр хажуугийн 3 талбайд, мөн Баян булагийн 2 м хүртлэх зузаан тогтсон халианы мөсний дулаан ээвэрлэлтийг температур бичлэгийн хураагуур-логгеруудын хэмжилтээр туршиж судлав. Энэхүү өгүүлэлд зөвхөн 2009 оны судалгааны үр дүнгээс нийтлэж байна.
Material and Methods
Судалгааны талбай
ХБЦГ-ын байгаль-экологийн мониторинг судалгаанд шаардлага бүхий хамгийн оновчтой болох 2006 онд Хустайн цаг уурын харуулын талбайд 10 м гүн, Хөшөөтийн амны ар хажуу бэл, Баянгийн хөндийн нуга, ар ба өвөр хажуу бэл, Өвөр мойлтын хөндийн нугад тус бүр 5 м гүн өрөмдсөн 6 цооногийн талбайд ургамлын бүрхэвчийн дулаан ээвэрлэлтийн талаарх хээрийн ажиглалт судалгааг явууллаа. Бага овооны хяр, зүүн өмнөт хажуугийн гурван талбайд цасны дулаан ээвэрлэлтийг, мөн Баянгийн булагийн халианы мөсний дулаан ээвэрлэлтийг судлав. Цоонгуудын байршилт бүхий судалгааны талбайг өмнөх (2008а) өгүүлэлийн 1-р зурагт үзүүлсэн байгаа.
Ургамлын биомасс
Цооног орчмын 6 ажиглалтын тус бүр 0,5х0,5 м2 бүхий талбайн ургамлын биомассыг 6,7,8-р саруудад ногоон ба хагд төрлөөр нь ялгаж хэмжив. Өвслөг ургамлын биомассын тодорхойлолтыг уламжлалт аргачлалын дагуу хийлээ. Ургамлын дээжийг өрөөний температурт хатааж 0.1 граммын нарийвчлалтай электрон жингээр жигнэж, хуурай ургамлын биомассын хэмжээг г/м2 нэгжид шилжүүлж илэрхийлэв. Ажиглалтын талбайн ургамлын биомассын хэмжээг 1-р хүснэгтэнд үзүүлэв.

Цасны зузаан, нягтыг өндрийн хуваарьтай 8 см-ийн диаметр бүхий цилиндр хоолойг ашиглан хэмжилээ. Тухайлбал, хоолойг цасанд шигтгэн цасыг хоолойн ёроолоор нь хэрчиж дээжний уутанд хийж аваад электрон жингээр хэмжинэ. 2008- 2009 оны өвлийн улиралд цооног орчмын цасны дундаж зузаан 6-8 см, дундаж нягт нь 0.13-0.17 г/cm3 байлаа. Цооног орчмын цасны зузаан, нягтын хэмжээг 2-р хүснэгтээр харуулав.


Баянгийн хөндийн ар, өвөр хажуу бэлийн 4 ба 5-р цооногийн дэргэд байрлах ажиглалтын талбайн билчээрийн ургамлын бүрхэвчтэй ба бүрхэвчгүй хөрсний гадаргын температурын бичлэгийг зуны 4 сарын турш UTL-1 хурааагуураар 90 минут дутам хийж авлаа. Энэ хураагуурын температурын бичлэг 0.25оС-ийн нарийвчлалтай байв. Харин Баянгийн булагийн хашаанд байрлах ажиглалтын талбайн ургамлын бүрхэвчтэй ба бүрхэвчгүй хөрсний гадарга ба 50 см-ийн гүнд НОВО Н8 хурааагуурын мэдрэгчүүдийг байрлуулан температурын бичлэгийг 90 минут дутам хийж авлаа. Түүнчлэн өвөр Мойлтын нуга болон Хөшөөтийн ар хажуугийн 1-р цооногийн ойролцоох янз бүрийн ургамлын бүрхэвчтэй ба бүрхэвчгүй хөрсний гадаргад НОВО Н8 хурааагуурын мэдрэгчүүдийг байрлуулан температурын бичлэгийн мэдээг зуны улиралд мөн 90 минут дутам хурааж авлаа. Энд НОВО Н8 хураагуурын батерей муу байснаас шалтгаалан бичлэгүүд цөм тасалдалтай болсон юм. Энэ хураагуурын температур бичлэг 0.5оС-ийн нарийвчлалтай байв.
Result
Ургамлын бүрхэвчийн дулаан ээвэрлэлт
Хөшөөтийн ар хажуугийн ойтой ба ойгүй талбайн хөрсний гадаргын температурын бичлэгийг боловсруулсан 4-р хүснэгтээс үзэхэд сийрэгдүү хус, улиасан ойтой талбайг бодвол ойгүй талбайн хөрсний гадаргын өвлийн дундаж температур 0.8оС-аар бага, зуны дундаж температур 2.3оС-аар, жилийн дундаж температур 0.6оС-аар, жилийн агууриг температур 1.7оС-аар тус тус их байна. Зун өтгөвтөр өвстэй ойн сүүдэрлэлт нь хөрсийг хэт халахаас хамгаалж эндэхийн хөрс нэлээд хүйтэн байдаг. Тачир өвстэй задгай газартай харьцуулахад ой дотор харьцангуй сийрэг, зузаан цас тогтож, улмаар ойн хөрсийг их хөрөхөөс хамгаална. Энэ тохиолдолд цасыг бодвол ойн өтгөвтөр өвсний дулаан ээвэрлэлтийн нөлөө давамгайлж байгаа тул жилийн хэмжээнд ойн хөрс задгай газрынхаасаа илүү хүйтэн байна. Ойн ба ойгүй талбайн хөрсний гадаргын температурын ялгаа 2-3- 10-11-р саруудад хамгийн бага байх ажээ. Ойтой харьцуулахад задгай газрын хөрсний гадарга дээрх жил, хоногийн температур хэлбэлзлийн агууриг ямагт их байна.







11-р хүснэгтээс үзэхэд намар эртхэн орж тогтвортой тогтсон цасан бүрхэвч нь хөрсийг бага зэргээр хөргөх нөлөө бүхий дулаан ээвэрлэлт болж байна. Тухайлбал, 10-20 см зузаан цасан бүрхэвчийн доорх хөрсний гадаргын 11-р сарын дундаж температур мөн сарын агаарын дундаж температураас 0,6-1,6оС-аар бага байв. Харин агаар эрс хүйтэрсэн 12-р сараас эхлэн уг цасан бүрхэвч нь хөрсийг хэт хөрч гүн хөлдөхөөс хагаалагч дулаан ээвэрлэлт болж байна.




Цасыг бодвол мөсний дулаан дамжуулах чадвар сайн байх тул мөсний дулаан ээвэрлэлтийн хэмжээ ямагт бага байдаг. 15-р хүснэгтээс үзэхэд халианы мөсний гадарга дээр буюу агаар их хүйтэн байх 12-1-2-р саруудад мөсний дулаан ээвэрлэлтийн хэмжээ хамгийн өндөр байна. Тухайлбал, энэ үед 180-210 см зузаан мөсний доорх хөрсний гадаргын дундаж температур агаарынхаас 14-18оС-аар их байлаа. Харин халианы зузаан мөс хайлах 4 ба 5-р сард мөсний доорх хөрсний гадаргын дундаж температур агаарынхаас 2,7-3,2оС-аар бага байв.


Conclusion
17-р хүснэгтээс үзэхэд Баянгийн ар ба өвөр хажуу бэл болон Баян, Өвөр мойлтын нугын цооногуудын дэргэдэх өвсийг нь зуны сар бүр хадсан талбайн өнгөн хөрсний 10-30-50 см гүний 7-р сарын температур нь мөн өвстэй талбайнхаасаа ямагт их байна. Өвстэй, өвсгүй талбайн хөрсний температурын ялгаа нь 1-6оС хүрэх бөгөөд гүн рүүгээ буурсаар замхарна. Баянгийн ар хажуу бэлийн хөрсний чийг харьцангуй их байснаас шалтгаалан эндэхийн өвсийг хадсан талбайн хөрсний чийгийн ууршилт буюу багасалт мөн өвөр хажуугийн өвсгүй талбайнхаас 2 дахин их байжээ.


Reference
- Основы мерзлотного прогноза при инженерно-геологических исследованиях (1974). Под редакцией В.А.Кудрявцева, Издательство Московского Университета.
- Sharkhuu.N., Battogtokh.D, Kadota.T, Ishikawa.M, Zhang.Y and Ohata.T (2005) Initial results of observations on snow cover in Shijir valley near Terelj, Mongolia. Proceedings of the First International Symposium on Terrestrial Change in Mongolia. July 26-28, 2005, Ulaanbaatar, 105-106.
- Sh.Anarmaa, N.Sharkhuu, B.Etzelmuller, E.S.F.Heggem and C.E.Goulden (2008) Effects of vegetation and grazing on soil temperature, soil moisture and active layer in the Hovsgol mountain forest steppe zone, Mongolia. In Proceedings of the ninth international conference on permafrost, University of Alaska Fairbanks, Vol.2, Pp 1627- 1732.
- Н.Шархүү, Ш.Анармаа (2008а). Хустайн цогцолбор газрын ул хөрсний температур, чийг, улирлын хөлдөлтийн горим. Тахь эрдэм шинжилгээний өгүүллүүд №8, хуудас 71-96,
- Н.Шархүү, Ш.Анармаа (2008б) Л.Идэртүвшин. Хустайн цогцолбор газрын цасны дулаан ээвэрлэлт, халианы хөдлөл зүй. Тахь эрдэм шинжилгээний өгүүллүүд №8, хуудас 43-55